Библи англи хэл дээр хөрвүүлэгдсэн түүх

Жон Виклеф /John Wycliffe/
Хамгийн анх Оксфордын их сургуулийн профессор, теологич Жон Виклиф /John Wycliffe/ 1380 онд анхны англи хэл дээрх библийг гараар бичсэн байна. Түүний хувьд библи орчуулах эх текст нь латин хэл дээр орчуулагдсан текст байлаа. Гэвч энэ ажил тухай үеийн католик сүмийн тэргүүн Ромын папын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв. Энэ эсэргүүцлийн хүчийг, Виклиф нас бараад 44 жил өнгөрсөн хойно ч булшнаас нь ясыг нь ухаж гаргаад, шатааж голд хаяулах тушаал өгч байснаас харж болно. Энэ бүхний гол учир шалгаан бол Виклиф “Ариун номыг орчуулсан” буруу номтон болсных байжээ.
Жон Хьюс /John Hus/
Виклифийн дагалдагч Жон Хьюс /John Hus/ багшийнхаа ажлыг дэмжин үргэжлүүлж, библийг тарааж байсан бөгөөд үүнийхээ төлөө 1415 онд шийтгэл хүртэж алуулсан байна. 100 жилийн дараа Мартин Лютер / Martin Luther / “алдарт 95” тунхаглалыг гаргаж ирснээр библи орчуулгын түүхэнд библийг латинаас өөр хэлд орчуулах ажилд том алхмыг хийсэн байна. Ийнхүү библи герман хэл дээр орчуулагдан гарахад мөн л тухай үеийн католик сүмийн тэргүүнээс хавчлага ирж байсан ажээ. Тэр үед хүүхдүүдээрээ Их Эзэний заасан гуйлтыг англи хэл дээр залбируулсан 7-н хүн цаазлуулж байжээ.
Иохан Гутенберг /Johann Gutenberg/
1450 онд Германы Майнз хотод хамгийн анхны хэвлэлийн төхөөрөмжийн Иохан Гутенберг гэдэг хүн зохион бүтээсэн бөгөөд анхны хэвлэсэн ном нь латин хэл дээрх библи байжээ. Ийнхүү Иохан Гейнсфлаш гэдэг нэртэй энэ хүн Гутенберг буюу үзэсгэлэнт уулын Иохан нэрээр түүхэнд нэрээ үлдээжээ. Тэр үедээ хэн ч ойшоогоогүй боловч хожим гайхалтай үр дүнд хүргэсэн ном хэвлэх технологийг энэ хүн сэдэж олсон юм. Гэвч энэ бүтээлийг нь бизнесийнхэн түүнээс булаан авсан төдийгүй ядуу дорой байдалд байлгаж байгаад үхүүлсэн ажээ. Гэхдээ энэ нэр соён гэгээрэх үеийн урьдчилсан нөхцөл болох библи хэвлэгдэх технологийг бүтээснээрээ түүхэнд үлдсэн юм.
Томас Линакр /Thomas Linacre/
Оксфордын өөр нэгэн профессор болох Томас Линакр 1490 онд библийн эх хэл болох грек хэлийг сурч уншаад, латин хэл дээр хэрэглэгддэг байсан библи буюу вулгатыг /Latin Vulgate / онцгой шүүмжлэн “Энэ грекээр бичсэн нь эвангел биш юм бол, бид ч бас Христэд итгэгч биш” гэсэн хэлсэн нь тухайн үеийн латин библи эх хэлнээсээ олон зүйлээс зөрөөтэй байсныг анхааруулж хэлсэн хэрэг байв.
Жон Колет /John Colet/
Оксфордын бас нэгэн профессор Жон Колет библийг англи хэл дээр хөрвүүлэн ард олондоо эх хэлээрээ зааж байсан бөгөөд энэ номлолыг сонсох гэж 20,000 хүн сүмд ирээд багтахгүй байсан түүх бий. үүнээс хойш англи хэл дээрх библийн орчуулгыг 1516 онд Жон Пробен гэдэг хэвлэлийн газрын хүн анхны грек, латин шинэ гэрээтэй зэрэгцүүлэн тавьж хэвлэжээ.


Эрасмус /Erasmus/
Энэ хэвлэлийн эхийг энэ зууны агуу теологич нарын нэг болох Эрасмус хийсэн ба тэрээр эх грек хэлнээс дамжуулан тэр үед хэрэглэж байсан латин вулгатаг /Latin Vulgate/ гаргасан нь тухайн үед хэрэглэж байсан латин вулгатаас гарсан алдаануудыг зассан хувилбар болсон байжээ. Мөн зэрэгцүүлэн англи хэл дээрх шинэ гэрээг хийсэн нь библи орчуулгын түүхэнд анх удаа шинэ гэрээний эх хэл болох грек хэлнээс нь орчуулсан ажил болсон юм. Энэ орчуулгыг үндэслэн англи, герман хэл дээрх дараагийн орчуулгууд гарч эхэлсэн ба 1517-1530-аад он бол библи орчуулгын хувьд халуун өрнөлт жилүүд байжээ. Энэ үед англи хэлний эцэг болох Виллям Тендаль Англиас зугтан байж библийг англи хэлд хөрвүүлж байсан бол Мартин Лютер 1517 онд католик сүмийг буруутгасан өөрийн “алдарт 95” /95 Theses / тунхаглалаа гаргаж, хавчлагдан байж библийг герман хэл дээр хөрвүүлж байсан жилүүд юм.
Вилям Тендаль /William Tyndale/
Ийнхүү библийн англи орчуулга болох Тендалийн шинэ гэрээ / Tyndale New Testament / 1530 онд хэвлэгдсэн гарсан бөгөөд хэвлэгдэн гарнаас нь хойш түүнийг үзэн ядсан католик сүмийн тэргүүдийн нөлөөгөөр олон библи шатаж, дэмжсэн 8-р Хенри хааны дэмжлэгээр олон библи хэвлэгдэн гарч байжээ. Ийнхүү Библийг англи хэлнээ хөрвүүлэх ажлыг хийсэн англи хэлний эцэг Виллям Тендаль / William Tyndale/ амьдарч байх цагтаа амар тайвныг үзээгүй бөгөөд библийг хамгийн ихээр худалдаж авч байсан хүмүүс нь библийг шатаан устгаж байсан нь түүхэнд үлджээ. 1536 онд Тендаль удаан хугацаагаар хоригдсоны эцэст тэр үеийн шийтгэл ёсоор шатаагдан нас баржээ. Түүний эцсийн үг нь “Английн эзэн хааны нүдийг нээгээч, Эзэн минь” хэмээх залбирал байсан аж. Энэ залбирал ердөө л гуравхан жилийн дараа биелэж, тэр жил буюу 1536 онд Английн эзэн хаан болсон 8-р Хенрих түүний орчуулсан орчуулгыг агуу библи хэмээн нэрлэжээ. Англи хэл дээрх библи ард түмний гарт очсон түүх ийм буюу. Тендалийн үнэнч шавь болох Малес Ковердаль /Myles Coverdale/ багшийнхаа ажлыг үргэжлүүлж, шинэ хуучин гэрээг нийлүүлсэн англи хэл дээрх бүтэн библийг орчуулан гаргасан нь өнөөдрийг хүртэл Ковердалийн библи хэмээх нэрээр түүхэнд үлджээ. Энэ библи 1535 оны 10-р сарын 4-нд хэвлэгдэн гарчээ. Гэвч өнөөдрийг хүртэл Тендалийн орчуулсан библи маш ховор номын тоонд ордог бөгөөд 1570-оноос өмнө хэвлэгдсэн хэвлэлүүд нь маш цөөн тоогоор хадгалагдаж байдаг аж.