Гадаад харилцаа
Манай нийгэмлэг UBS /Олон Улсын Библийн Нийгэмлэг/ болон SIL байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллаж байна. Энэ харилцааны хүрээнд библи орчуулгын семинарыг Монголд уламжлал болгон зохион байгуулдаг боллоо. Семинарын гол өгөөж нь дэлхийн библийн мэргэжилтэн, багш нараас монгол орчуулагчдад мэргэжлийн чанартай зөвлөгөө үзүүлэх, түүнчлэн орчуулгын ажилд гарч буй бэрхшээлийг хуваалцах зэрэг олон талын ашиг тустай бөгөөд ингэснээр манай орчуулагчдын мэргэшлийн төвшин улам ахих юм.
АББН-ийн бас нэгэн чухал үүрэг болсон библи хэвлэх ажилд ч мөн гадаад хамтрагчдын оролцоо буй. Библи хэвлүүлэх ажлыг Японы New Life League байгууллагатай хамтран гүйцэтгэдэг бөгөөд өөрөөр хэлбэл бидний хэрэглэдэг Ариун Библи Япон улсад хэвлэгдэж байна.
АББН Австралийн өврийн Тестамент, Лиг байгууллага, Гидеон, Солонгосын DNM, KMF, NLM, JCS зэрэг байгууллагуудтай ажил хэргийн холбоотой ажилладаг.
Гадаад харилцааны хүрээнд манай нийгэмлэгийн орчуулагч нар олон улсын хэмжээнд зохион явуулдаг библи орчуулгын семинарт оролцов. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү семинараар библи орчуулгад гардаг бэрхшээлүүдийн талаар Олон Улсын Нэгдсэн Нийгэмлэгийг мэргэжилтнүүд лекц уншин хэлэлцүүлэг хийдэг юм.
Энэхүү семинар 2007 оны 2-р сарын 2-10-ны өдрүүдэд Сөүл хотноо болсон бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар UBS, SIL, KBS байгууллагууд ажиллав.
- Эл семинарт:
-
-Библи орчуулга ба өөриймсүүлэлт
-Еврей соёл ба текстийн тайлбар зүй
-Даяарчлал ба Библийн орчуулга
-Дүлий хүмүүст Библийн түүхийг заах нь
-Интер текстийн асуудлуудлыг хөндөн ярилцсан байна.
Хөх хотод ажилласан тухай
АББН-ийн орчуулагчид 2008 оны 3-р сарын 17-ноос 4-р сарын 9-ны өдрүүдэд Хөх хотод ажиллав.
Захирал Д. Дашдэндэв.
" өвөрмонголын Библи орчуулгын Шинэ гэрээ гарсныг үзлээ. Ерөнхийдөө библи орчуулгадаа гурван өөр төрлийн үг хэрэглэдэг юм билээ. үүнд дээд тэнгэр, бурхан, сахиулсан гэсэн үгтэйгээр гурван өөр орчуулга гарсан байна. Тэндхийн цуглааны хувьд ингэж гаргахаас аргагүй юм байна. Анханаасаа сурсан үг хэллэгүүдээ хэрэглээд цааш явж байгаа сүмүүд олон байдаг юм байна. Миний хувьд "Бурхан" гэж орчуулсан хүмүүстэй уулзсан. өвөрмонголд засгаас нь зөвшөөрсөн библи орчуулгын ажлыг зөвшөөрөлтэй сүмүүд хийх гэж байгаа юм байна. үүний төлөө залбирч байна."
Орчуулагч В. Дүгэрмаа:
" Уйгуржин монгол бичгээр Хуучин гэрээ орчуулж байгаа нөхөдтэй хамтран Сургаалт үгс номыг дахин нэг орчуулж үзлээ. Чамгүй л юм ажиж, сурч авлаа гэж бодогдоно. Мөн АББН-ийн хянан сайжруулсан Сургаалт үгс номыг давхцуулан нягталж үзлээ. өвөр Монголд Эзэнийг хэн гэж дуудах талаар гараад байгаа маргааныг үзээд, еврей хэлний "элохим" буюу грек хэлний "теос" гэдэг үгийг монголоор хэрхэн хөрвүүлэх талаар бичсэн судалгааныхаа өгүүллийг уйгуржин монгол бичигт буулгаж, энэ асуудлаар хамааралтай гэж үзэж байгаа голчлон монгол чуулганы ахлагч, удирдагч, орчуулагч, үл итгэгч, философийн болон хэл шинжлэлийн мэргэжилтэн, эрдэмтэд зэрэг 20 орчим хүнтэй уулзаж, санал солилцсоны үндсэн дээр зарим нэмэлт засвар оруулан, олон нийтийн санал авах зорилгоор тарааж болох зөвшил тохиролцол хийлээ.
Бас тэндхийн итгэгч зарим нөхөдтэй уулзаж, Улсын чуулганы цугларалтад нэг удаа оролцов. Тэнд ажилласан Сургаалт үгс номын зарим нэг засварыг дурдвал:
Сургаалт үгс- Зүйр мэргэн үгс
"Элохим"-ийг Яавэ утгаараа гарах тохиолдолд "Тэнгэрбурхан"
Цөхөрсөн сүнс- эмтэрсэн сүнс
басамжлагч- басагч
гэх мэт олон үгэнд засвар оруулсан ба зарим үг ба санааг манай нийгэмлэгийн засан сайжруулж буй хувилбарт санал болгоно. Цаашид бид хамтран нягталж магадлах болно."
Ариун Бичээс Нийгэмлэгийн гадаад харилцаа цаашдаа олон талаар улам гүнзгий хөгжинө гэдэгт бид итгэж байна.