Семинар сургалт
Библи орчуулгын ажил бол нарийн, төвөгтэй, үг бүрийн цаана хариуцлага дагадаг ажил юм. Тиймээс библи орчуулагч нарт олон улсын чанартай сургалт, зөвлөгөө, дэмжлэг гарцаагүй чухал байдаг. Иймд манай нийгэмлэг олон улсын UBS SIL зэрэг байгууллагатай хамтран библийг хянан сайжруулах сургалтыг 2005 оноос эхлэн зохион байгуулж байна. Эдгээр сургалтуудад Христитгэлт байгууллагуудын орчуулагч нар хамрагддаг. Энэ семинар 2008 оны 8-р сард 3 дахь удаагаа болно.
Анхдугаар Библи орчуулгын семинар 2005 оны 7-р сарын 13-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Библийн Сургалтын Нэгдсэн Төвд зохион явагдсан бөгөөд ерөнхий зохион байгуулагчдаар АББН, UBS, SIL байгууллагууд ажилласан байна.
Энэ семинарт:
- Орчуулгын засварын үндсэн зарчим
- Найруулга зүй, үг судлал
- Текст критик,
- Эх бичээс
- Янз бүрийн нас, боловсролтой хүмүүст зориулсан орчуулга
- Библийн хам сэдэв
- Шинэ гэрээний орчуулга
- Хуучин гэрээний яруу найргийн номуудыг хэрхэн орчуулах аргачлал
- Монголын орчуулгын шүүмж
- Орчуулгад тохиолдох соёлын бэрхшээлүүд
- Библи орчуулга, засварын Paratext программыг хэрхэн ашиглах тухай зэрэг хичээлүүдийг заасан байна. Энэ семинарт Зан чанарын институт, SU, Сайн хөрш нийгэмлэг, Монголын болон гадаадын сүм чуулганаас нийт 20 гаруй орчуулагч оролцжээ. Энэ семинараар "Ариун Библи"-ийн давуу болон сул талын тухай харилцан ярилцаж санал солилцсон бөгөөд семинарын үр дүнд Монголын Библийн Нэгдсэн Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүд ярилцсан шийдвэрлэсний үндсэн дээр "Ариун Библийг засан сайжруулах төсөл" -ийг 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон нь одоо амжилттай хэрэгжиж байна.